"Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн дүүрэгт нийтдээ 47.7 га талбайд оршдог. Дарханы ДЦС-ын суурийг 1963 онд тавьж, 1965 онд анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтанд оруулсан бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг юм.
"ДДЦС" ТӨХК үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Төвийн эрчим хүчний системд нийлүүлж, Дархан хотыг дулааны эрчим хүчээр бүрэн хангадаг. Үйлдвэр 83 МВт/цаг нийлбэр чадалтай ба жилд дунджаар 430-470 мянган тн нүүрсийг Шарын гол, Багануурын уурхайгаас худалдан авч технологийн хэрэгцээндээ ашиглан 447 сая киловатт цахилгаан эрчим хүч, 1196 мянган гигакалори дулааны эрчим хүч боловсруулдаг.
Үйлдвэр БКЗ-75-39ФБ маркын цагт 75 тонн уур боловсруулах хүчин чадалтай 9 зуух, АПТ-12-35-10 маркийн тус бүр 12МВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай 4 турбин, АПТ-35/39-3.4-1.0 маркын 35МВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай 1 турбин генератортай.
Үндсэн ба туслах тоноглолууд нь сүүлийн үеийн ухаалаг хянах хэмжүүр, автоматикийн хэрэгслүүдээр тоноглогдсон. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110кВ-ын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110кВ-ын агаарын шугамаар Дарханы 220кВ-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай холбогддог. 35кВ-ын шугамаар Энх тал болон Дархан САА-тай, 6кВ-ын шугамаар Дарханы үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбогддог. Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаанаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ томоохон үйлдвэрүүдийг технологийн хэрэгцээний уураар хангаж ажилладаг.
Хэрэглэгчээ дээдэлсэн, найдвартай үйлдвэрлэгч компани байна.
Бид 2030 он гэхэд хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, хүчин чадлаа нэмэгдүүлсэн, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий нийгмийн хариуцлагатай компани болно
Бид цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийг үр ашигтай горимоор, өндөр чанартай, хатуу хяналттай, нарийн хэмжилттэй, сахилга бат хариуцлагатай шуурхай явуулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангана.
ДЦС-ын суурийг тавих ёслолд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын АИХ-ын дарга Ж.Самбуу нар оролцсон.
Станцын анхны агрегатуудыг ашиглалтад оруулснаар Дархан хотод цахилгаан гүйдэл өгч, эрчим хүч түгээж эхлэв.
Станцыг ашиглалтад бүрэн хүлээн авах ёслолд хоёр улсын удирдагч Л.И.Брежнев, Ю.Цэдэнбал нар оролцон нээж байсан.
Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1970.04.16-ны 61 дүгээр зарлигаар В.И.Лениний нэрэмжит болов.
Засгийн газрын 2001.07.09-ний өдрийн Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор Хувьцаат компани болов.